
Натри хэрэглэх ямар ач тустай вэ?
Ач холбогдол: Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ, осмотик даралтыг тохируулдаг. Натри нь хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг. Натри нь хэвийн өсөлтөн шаардлагатай, мэдрэлийн эс булчингийн хэвийн ажиллагаанд хэрэгтэй, кальци болон бусад эрдэс бодисыг цусанд уусмал байдлаар хадгалахад хэрэгтэй. Мөн хэт халах, наранд цохиулахаас сэргийлэхэд оролцдог, устөрөгчийн ионуудыг тээвэрлэхэд оролцдог.
Цусан дахь натрийн хэвийн хэмжээ: Хэвийн хэмжээ нь 136 – 145 ммоль/л байна. Хоол хүнсээр орж ирж байгаа натри, бие махбодийн доторх натрийн тээвэрлэлт ба бөөр болон хөлсний булчирхайгаар гадагшлах гэсэн үйл явцаас натрийн цусан дахь агуулга хамаарч байдаг. Цусан дахь натрийн хэмжээг ихэсгэх хялбар боловч багасгах нь хавьгүй хүнд байдаг. Хоол боловсруулах зам, бөөр, бөөрний булчирхай эмгэг, шингэн их хэмжээгээр алдах, шингэний дутагдалд орох зэргийн оношлогоонд цусны сийвэн дэх натрийн хэмжээг тодорхойлох оношлогоог хийдэг.
Ихсэлт: Сийвэнгийн натрийн хэмжээ ихсэн буюу гипернатриеми нь дараах тохиолдолд үүсдэг, үүнд:
– бие махбодид ус дутагдах
– бөөрний булчирхайн хэт үйл ажиллагаа
– ком, харааны товгорын гажиг
– бөөрний натри хуримтлагдах, чихрийн бус шижингийн vед шээс ялгаралт нэмэгдэх
– натрийн давсны хэмжээ хэт өндөр байх
Мөн зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний дараа болон хүнсний давс хэтрүүлэн хэрэглэх үед цусан дахь натрийн хэмжээ нэмэгддэг. Иймд утсан болон давсалсан мах, зайдас, кетчуп, гич, хурц сүмс зэргийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа даралт ихтэй хүмүүс хүнсний давсны хэрэглээнд маш анхааралтай хандах хэрэгтэй.
Дутагдвал: Сийвэн дэх натрийн хэмжээ буурах буюу гипонатриеми нь дараах тохиолдолд ажиглагддаг, үүнд:
– хүнсэнд натри дутагдах
– хэт хөлрөмтгий үед хөлсөөр, амьсгаадах үед уушгаар, гүйлгэх, бөөлжих үед хоол боловсруулах замаар их хэмжээний шингэн алдах
– шээс хөөлгөх үйлчилгээтэй эмийн тунг хэтрүүлэх
– бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал
– чихрийн шижин
– хаван
– бөөрний дутагдал, нефротик хам шинж
– бөөрний архаг дутмагшил
– элэгний цирроз, элэгний дутмагшил
Зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний улмаас натрийн хэмжээ багасж болно.
Эх булаг: Натри нь хүнсний давс, балжимгарам цэцэг, лууван, үхрийн борц, хар гүнжидийн үр , бөөр, хушга, утсан мах, маалингны үр, улаан чавга, хар будаа, ногоон буурцаг, улаан үзэм агуулагддаг.
Хэрэглэх хэмжээ: Натрийн доод талын физиологийн шаардлага бол өдөрт 500 миллиграмм юм.