Эх орныхоо хөрс шорооны охь шимээр эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг сахин хамгаалж яваа “АМУ” төвийн эмч, Анагаах Ухааны Магистр Г.Балжиннямыг энэ удаагийн ярилцлагатаа онцолж байна. Түүнтэй уламжлалт анагаах ухаан дахь харшил түүнийг хөдөлгөгч хүчин зүйлс болон хэрхэн энэ өвчнийг анагаан эдгээж болох зэрэг таны эрүүл мэндийг тэтгэх олон сэдвийг хөндөн ярилцсан юм.
Сэтгүүлч: Орчин үеийн анагаах ухаанд харшил хэмээн нэрлээд буй энэхүү өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарлаж нэрлэдэг вэ?
Г.Балжинням: Уламжлалт анагаах ухаанд харшил гэсэн биеэ даасан өвчин байдаггүй. Гэвч шар усны гаралтай өвчнүүдээс харшил үүсдэг. Шар ус гэдэг нь идээ унд боловсрох явцад элгэнд цус үүсэж цөс болж ялгардаг. Энэхүү ялгарсан цөсний цөвөөс шар ус болон шээс үүснэ. Тиймээс хоол хүнсний шингээх чадвар муутай байх, хоол ундаа тохируулахгүй байх нь цаашид муу шар усыг үүсгэнэ. Энэ нь бүх биед тархснаас хамаарч харшлын эмгэгүүдийг үүсгэх нөхцөл бүрддэг. Энэхүү шар усны тэнцвэрт байдал алдагдаж, хаана байрласнаасаа хамаараад арьсанд байрлавал арьсны харшил, уушганд байрлавал уушгины шар ус, үенд байрлавал үе мөчний өвчнүүдийг үүсгэдэг.
Сэтгүүлч: Тэгвэл шар усыг арвидуулахгүй байх, хооллолтоо шингээх чадвар дээр хэрхэн анхаарч болох вэ?
Г.Балжинням: Харшил болон хэрх, тулай, чонон хөрвөс зэрэг өвчний үндсэн суурь шалтгаан буруу хооллохоос үүдэлтэй. Тиймээс хүн зөв хооллох нь олон төрлийн архаг хууч өвчин, харшлаас сэргийлэх хамгийн сайн арга зам юм. Цус болон шар ус тэнцвэртэй байснаар долоон тамир тэнцвэртэй болно. Өөрөөр хэлбэл хүний бие дахь цус, мах, өөх ясны тамир мөн хамгийн сүүлд охь шим гэдэг зүйл үүссэнээрээ урт наслах, өнгө зүс, тамир тэнхээ сайтай, оюун ухаан тод төгөлдөр байхын илрэл үндэс болдог. Тиймээс хүн өөрийн биеийн онцлог, оршин буй газар орон, насандаа тохируулан өөрийн гэсэн хооллох дэгтэй байх ёстой.
Сэтгүүлч: Харшил сэдэрдэг хавар болон намрын үе бий. Одоо намрын улирал ирж хүмүүс эхнээсээ харшил нь хөдөлж, шинж тэмдгүүд ажиглагдсаар байна. Цаг хугацааны хувьд яагаад энэ үед сэдэрдэг вэ?
Г.Балжинням: Өвлийн уртад хүний бие махбод ерөнхийдөө ядарч, түүнийг даван туулсны дараа хүч тэнхээ барагдсан байдаг. Тиймээс хаврын улиралд тамир нэлээн сул байхаас гадна элэг цөсний үйл ажиллагаа идэвхэждэг. Иймд хүмүүсийн харшил хөдөлж, архаг хууч өвчин сэдэрдэг. Харин намрын улирлын хувьд шарын халуун арвидаж цөсний халуун ихэсдэг. Иймд цөснөөс шалтгаалсан харшил болон үе мөчний өвчлөлд нөлөөлдөг. Тиймээс шар хөдөлдөг улирал буюу зун болон намрын цагт ургамал ногоо бүрэн боловсорч агаарт тоосонцор цацагдаж, хурц үнэр ихдэх үед харшил сэдэрдэг.
Сэтгүүлч: Нэгэнт олон жил харшилтай явсан хүн яаж эдгэх боломжтой вэ? Хүмүүсийн дунд “нэгэнт харшилтай болсон бол эдгэдэггүй” гэх яриа байдаг. Энэ үнэн үү?
Г.Балжинням: Харшил бол шинэ зууны эдгэрдэггүй өвчин гэх яриа бий. Шар усны өвчин буюу харшлыг халууны болон хүйтний гэж хоёр ангилдаг. Халуун шар усны өвчинд халуун мөн чанар давамгай хоол хүнс хэрэглэдэг, халуун оронд ажиллаж амьдардаг хүмүүс өртөх магадлал өндөр байдаг. Мөн өөрийн биеийн онцлог нь шарын мөн чанартай цус ихтэй хүн халуун шар усны өвчнөөр өвдөх нь элбэг гэж ойлгож болно. Харин эсрэгээрээ хүйтэн шинж чанартай хүмүүс буюу тамир дорой, цус багадалттай, хүйтэн газар ажилладаг, биеийн илч, дотоод дулаан бага хүмүүс хүйтэн шар усны өвчнөөр өвдөх магадлалтай. Хүйтэн шар усны өвчин нь удаан архаг явцтай байдаг бол халуун шар усны өвчин нь хурц түргэн явцтай ба түргэн эдгэрч түргэн намддаг. Уламжлалт анагаах ухаанд халуун шар усны өвчний үед халууныг дарж, шар усыг хатаана. Үүний дараа уламжлалтын эмчилгээний аргууд болох хатгуур, хануур засал хийх, туулгаж биеэс гадагшлуулах гэх мэт засал хийдэг. Түүнчлэн хүйтэн шар усны өвчний үед биеийн илч дулааныг нэмэгдүүлэх, цусны эргэлтийг сайжруулах эмчилгээ хийдэг. Мөн ямар ч төрлийн харшлыг хоол засалтай уялдуулбал бүрэн эдгээх боломжтой. Аливаа архаг өвчин болон харшлын эмчилгээнд хоёр намрыг зарцуулах буюу хамгийн багадаа хоёр жил шаардлагатай байдаг.
Сэтгүүлч: Шар усыг арвидуулах ямар хоол хүнснүүд байдаг вэ? Хэрхэн зохистой хооллож болох вэ?
Г.Балжинням: Нэгэнт харшилтай болсон бол исгэлэн болон халуун амт бүхий хоолыг хүнсэндээ хэрэглэж болохгүй. Бүхий л идээ ундааг дотор нь таван зүйлд хуваадаг. Үүнд махны, үрийн, ногооны, жимсний мөн болгож найруулсан хүнс хоолнууд багтана. Эдгээр бүх хоол хүнс зургаан төрлийн амтанд хураангуйлагддаг. Үүнд исгэлэн, амтлаг, давслаг, гашуун, гошуун, эхүүн зүйлс багтдаг. Исгэлэн гэдэг нь исгэж гаргасан, даршилсан, амтлах мэдрэмжийн хувьд арааны шүлс асгаруулам чанар бүхий жимс, дарсан ногоо, тараг айраг, хөрөнгө байдаг тул харшилтай хүн эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.
Сэтгүүлч: Харшилгүй хүмүүс энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Таны ярьсанчлан хоол хүнс, хувийн зохион байгуулалтандаа анхаарах хэрэгтэй юу? Эсвэл өөрийн иддэг зүйлсээ идээд явахад болох уу?
Г.Балжинням: Аль болох хоол хүнсээ тохируулан идэж исгэлэн болон гошуун амтыг хэтрүүлэх буюу байнга хэрэглэхээс татгалзаж нөгөө талаас ходоод гэдэсний замаа тэнцвэртэй байлгаснаар хүн харшлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Харин хүүхэд анхнаасаа харшилтай төрсөн бол удамшил гэсэн үг. Түүний ээж, юмуу аавд нь харшил байгаа. Тиймээс оргүй хоосноос харшил үүсэхгүй, ямар нэгэн суурь шалтгаан байдаг.
Сэтгүүлч: Та “АМУ” төвд нийтдээ дөрвөн жил боллоо. Таныг зорин ирж буй харшил, ходоод, дотор эрхтний асуудалтай хүмүүст та ямар зөвлөгөө өгдөг вэ?
Г.Балжинням: Уламжлалт анагаах ухаан болон Дорнын анагаах ухаанд идээ ундааны явдал мөрөөр хөнгөн өвчнийг бүрэн эдгээх, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Харин хүнд буюу хүндэвтэр өвчинг бусад эмчилгээний засал аргуудтай хавсраад эмчилж болдог. Хүнсээр анагаах нь уламжлалтын эмчид маш ойрхон бөгөөд сонирхолтой санагддаг. Хүн хоол хүнсээ хэдий чинээ зөв зохицуулна төдий чинээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг намдаах, эрүүл мэндээ сайжруулах боломжтой. Ялангуяа ургамлын гаралтай уураг эслэг, шимт хүнс нь маш сайн дархлааг сэргээх, гэдэс ходоодны ашигтай бактерыг дэмжих, хурц тослог болон махан хоолны хорыг гадагшлуулах зэрэг олон төрлийн үр дүнтэй. Хооллолтын буруу дэглэм нэлээдгүй тархсан шинэ зуунд үрсийн зүйл, буурцгийн зүйлс буюу ургамлын гаралтай уураг эслэгийг түлхүү хэрэглэх нь маш зөв сонголт байдаг. Харин эм бол тухайн үедээ үрэвсэл бууруулах, өвчний шинж тэмдгийг дарах үйлдэлтэй тул эргээд гаж нөлөө ихтэй учир хүн насан туршдаа эм ууна гэдэг нь буруу ойлголт юм. Мөн биед дасал болж ашигтай бактерийг устгадаг учраас насан туршдаа хоол хүнсээ тохируулан хэрэглэж өөрийн нас, байгаль цаг уурын онцлогт таарсан хоолны хэрэглээтэй байх нь чухал.
Сэтгүүлч: Тун удахгүй “АМУ” төвөөс зохион байгуулдаг ходоод хөтөлбөр эхлэх гэж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар харшлаа мөн давхар эмчлэх боломжтой гэж сонссон. Энэ талаар?
Г.Балжинням: “Ходоод хамгаалах хөтөлбөр” нь гурван үе шаттай явагддаг. Эхний үе шатанд ходоодны хямралыг арилгаж, галын илчийг тэнжцвэржүүлнэ. Дунд үе шат нь цөс болон нойр булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлж, туулгах буюу цөс угааж биеийн хордлого тайлна. Гуравдугаар үе шатанд ходоодны салстын нөхөн төлжилтийг сайжруулж, дархлааг дэмжинэ. Ходоодны үрэвсэлтэй хүмүүс харшлах шинж чанар ихтэй байдаг. Ходоод өөрөө хоол боловсруулах замын чухал, үндсэн хэсэг. Ходоод үрэвсэлтэй үйл ажиллагаа нь тэнцвэргүй байснаар харшил болон бусад архаг өвчнөөр өвчлөх нөхцөл болдог. Харин хөтөлбөрт хамрагдсанаар харшлах шинж чанар буюу хамар битүүрэх, арьс загатнах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдгүүд тухайн хүнээс шалтгаалан харилцан адилгүй буурч аажимдаа зөв хооллолтын үр дүнд харшил бүрэн арилах боломжтой. Мөн хоолны шингэц, өтгөн шингэний боловсролт хэвийн болно. Хүмүүс ходоод өвддөгүй хеликобактерын хэмжээ хэвийн байсан ч түүнээс үл шалтгаалан “Ходоод хамгаалах хөтөлбөр”-т хамрагдвал олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Сэтгүүлч: Нэгэнт харшилтай болсон хүн жил бүр ахин дахин сэдэрснээр бусад эрхтнүүдэд ямар муу нөлөө үзүүлдэг вэ?
Г.Балжинням: Уламжлалт анагаах ухаанд биеийн тамир гэдэг нь дархлааг хэлдэг. Дархлааны тогтолцоо буурахад харшил болон биед буй архаг хууч өвчин сэдэрдэг. Дархлааны тогтолцоо өөрөө бие махбодыг хамгаалж, тэнцвэртэй байлгадаг. Тиймээс харшилтай хүмүүс хаван, бэтэг, арьс болон үе мөч, мэдрэлийн өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. Үе, үе хамар битүүрэх, арьс загатнах зэрэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаад цаашлаад удаан үргэлжилбэл хүндэрч дараагийн шатанд амьсгалын зам, уушги, цагаан мөгөөрсөн хоолойд нөлөөлж багтраа, амьсгалын дутагдалд хүргэх аюултай. Мөн шар усны гаралтай үе мөчиний өвчний үед хааяа өвдөх, доголох шинж илэрдэг байсан бол үений тогтолцоонд буцашгүй өөрчлөлт оруулж тахир дутуу болох өндөр эрсдэлтэй.
Сэтгүүлч: Биднийг уншиж буй нийт уншигчид, “АМУ” төвөөр үйлчлүүлдэг хүмүүст хандан зөв хооллолтын талаар хамгийн чухал баримтлах зөвлөгөө өгнө үү?
Г.Балжинням: Хамгийн сайн эмийн сан бол танай гэрийн гал тогоо, хамгийн сайн эмч бол танай гэрийн эзэгтэй буюу ээжүүд байдаг. Тиймээс эдгээр хүмүүс эрүүл зан үйл, хооллолтын зөв ойлголттой болж гэрийнхээ хүмүүсийг хамгаалах, тэдгээрт нөлөөлж зөвлөгөө өгөх нь хамгийн чухал зүйл юм. Хүмүүсийн дунд удамшлын өвчин гэхээс илүүтэй удамшлын буруу хооллолтоос шалтгаалсан өвчлөл давамгай байна. Нэг үе удмаараа эсвэл нэг нутаг усныхан, гэр бүлээрээ ойролцоо буюу ижил төрлийн хооллолтын соёл, дадал зуршилтай байдаг. Иймээс тэдний өвчлөх шинж тэмдэг хоорондоо ижил төстэй байх нь элбэг. Үүнийгээ удамшлын өвчин хэмээн буруу ойлгож, ярьцгаах нь түгээмэл ажиглагддаг. Иймд хоол хүнсний зөв хэрэглээг ухамсартайгаар өөртөө болон гэр бүлдээ төлөвшүүлэх нь таны үе удмын эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой. Мөн уламжлалт анагаах ухаан орчин үеийн анагаах ухааныг хавсарвал маш сайн үр дүнтэй. Уламжлалт Анагаах Ухаанд хүний биеийг бүхэл цогц гэж үздэг учраас аль нэг эрхтэн системийн үйл ажиллагаа хямрахад хоорондын холбоо хамаарлаараа бусад эрхтэндээ нөлөөлж байдаг. Хүн өөрийн өвөрмөц чанарыг мэдээд авбал цаашлаад ямар төрлийн хоол хүнс илүү зохистэй эсэх явдал мөрийн ямар дэглэмийг насан туршдаа баримталснаар эрүүл, урт наслах боломжтой зэргээ мэдэж болно.
Та бүхэнд урт удаан, эрүүл саруул амьдралыг хүсье. Эрүүл мэндээ алдвал бүгдийг, эд баялгаа алдвал багыг алдана гэсэн үгийг санаж яваарай. Баярлалаа.