Эрүүл зөв хооллолт гэдэг нь идээ ундааг бие махбод болон улиралдаа тааруулан зөв зохистой эрүүл хооллох эрдэмийг хэлдэг.
Эрүүл зөв хооллолт гэж Уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ?
Таван махбод төгөлдөр идээний эрдмээр биеийн таван махбодыг дэлгэрүүлж үйлддэг тул бие махбодын өвөрмөц чанар, ходоодны шингээлт, тухайн амьдарч буй газар орных нь цаг агаар улирлын онцлог байдал, нар сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдуулан идээ ундааг хэрэглэх нь өвчинг үүсгэхгүй байх нөхцөл болно.
Тэгэхээр зуны улиралд ямар идээ ундаа идэх, ямар явдал мөрийг барих ёстой вэ?
Судар ном дээр ингэж бичсэн байдаг: Огторгуйд үүл хурж, хур бороо орж хурын усаар газар шороо бүгд чийглэгдэж хүйтэн салхитай хавсарснаар зуны улирал нь сэрүүн мөн чанартай байдаг. гадна ертөнцөд сэрүүн давамгайлахын эрхээр хүний биеийн дотор хий махбодь ихэсч хий хөдөлдөг тул зуны улирлыг хийн улирал гэж нэрлэдэг. Газрын чийг, хурын хүйтэн ус зэргээр хүний биед байдаг бүх шар үсний нүх сүвүүд нээгдэж онгойдог учраас тэрхүү нүх сүвээр биеийн дотоод галын илч гадагшилдаг тул ходоодны хоол ундыг шингээх хүч багасдаг.
Энэ нь товчоор тайлбарлавал хур бороо ихээр орж сэвэлзүүр хүйтэн салхи босдог улирал юм. Энэ үед хүний биеийн шар үсний сүвүүд нээгдэж, тэрхүү нүх сүвээр биеийн галын илч гадагшилдаг. Үүний улмаас ходоодны хоол, унд шингээх хүч эрс багасдаг. Тиймээс ходоод гэдэс хямардаг хүмүүс маш анхааралтай байх хэрэгтэй.
АМУ төвийн зүгээс, бид дараахи зөвлөгөөг хүргэж байна.
- Хоолны хэмжээг багасгаж хөнгөн, бүлээн тослог шимтэй идээ ундыг хэмжээг хэтрүүлэхгүй цадах төдий идэх. Хоолыг хэтрүүлж хэрэглэвэл хамгийн ихээр хямардаг улирал
- Махны хэрэглээг эрс багасгаж, оронд нь ясны шөлийг голдуу хэрэглэж, цагаан болон ногоон хоолыг 6-7-р сард голдуу хэрэглэвэл зохино.
- Зуны улиралд хийн чанарууд ихсэж, хий хөдөлж байгаа учир хэт өлсөх, хоол сойхыг тэвчиж, шимтэй хоолыг тохируулан хэрэглэнэ.
Өглөөний 3:40-7:40 болон, үдэш 15:40-19:40 цагийн хооронд хийн бэлгэ чанарууд идэвхжиж хөдөлдөг. Энэ үеэр хий дарах бага зэргийн хоол унд хэрэглэвэл зохистой. Өглөө ширгээсэн ус ууж, булууны ясны шөлөнд хөнгөн чанартай үр тариаг чанаж идэх нь хийг дарахад чухал. Харин үдшийн цагаар нэг аяга үр тарианы шингэн зутан, ясны шөл, шингэн бантан, ногооны зутан шөл, тараг, багахан хэмжээний шимийн архи зэргийг ууж болно. - Зун сэрүүн, хүнд шингэхэд бэрх болон хурц хоол идэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Үүнд: Ямаа, тэмээний мах, бүх төрлийн хэт шарж хуурсан мах, түүхий бүрэн гүйцэд боловсроогүй үр, жимс, ногоо зэрэг сэрүүн хүнд чадалтай хоол унд нь идсэнээр хий арвидаж ходоодны илч шингээлт буурдаг. Тиймээс аль болох ногоог болгож, жимсийг жигнэж, тослог бүлээн чадалтай шингэхэд хялбар бөгөөд шимтэй хоол ундны хэмжээг нь тохируулан хэрэглэвэл тохиромжтой.
- Зуны улиралд хүүхэд багачууд маань, залуус ч ялгаагүй хүйтэн ус, хийжүүлсэн ундаа, зайрмаг идэх, нэг дор ихээр ус уух нь буруу юм. Бадганы бэлгэ чанар ихсэх цаг буюу 07:40-11:40, орой 19:40-23:40 цагийн хооронд усыг хүйтнээр хэтрүүлэн уувал ходоодны галын илчийн хувь барагдаж улмаар зүрх судас болон бөөр өвчилж хаван үүсдэг. Тиймээс энэ цагуудад идэвхитэй дасгал хөдөлгөөн, мөргөл хийвэл биеийн илч үүсэхээс гадна эрүүл мэндэд чухал нөлөөтэй.
- Ширгээсэн усыг зуны улиралд бүтэн өдрийн турш өвөг дээдс маань хэрэглэдэг байжээ. Учир нь зуны улиралд хур салхитай байдаг учир ус булингартаж ходоод гэдэсний элдэв өвчин үүсдэг бөгөөд газар орон, улирал, усны эрдмээс хамаарч гуравны нэг, гуравны хоёр болтол нь ширгээж хэрэглэдэг. Буцалгаж ширгээсэн ус нь ходоодны галын илчийг үүсгэж, хоолны шигээлтийг сайжруулан зогисуулах, гэдэс дүүрэх, ханиад томуу, шинэ халдварт өвчнийг анагаах тус эрдэмтэй. Буцалгаад нэг хоносон, удсан ус нь хор болж өвчин үүсгэдэг тул уухгүй байх хэрэгтэй.
- Зуны улиралд хүүхэд, хөгшин настай хүмүүс илүүтэй хоол ундандаа анхаарах хэрэгтэй. Хоолны хэмжээний хувьд ходоодны 1/4-ийг хоосон үлдээж 3/4-д нь хоол унд хэрэглэнэ. Хоол ундны харьцааг 2/3 нь бүхэл хэсэг, 1/3 нь шингэн байхаар тохируулна. Хүний ходоодны хэмжээ нь өөрийн хоёр алгаа тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг.
- Явдал мөрийн хувьд өглөө болон оройн цагаар нимгэн хувцас өмсөхгүй байх, хүйтэн салхи бороонд даарч норохгүй, нойтон чийгтэй газар удаан хугацаагаар суухгүй байх, хүйтэн гол усанд орохгүй байх, хэт өлсгөлөн болон нойргүйгээр удаан явах, шөнийн нойр алдах, бэлгийн ажлыг хэтрүүлэн хийх, сэтгэл санаагаа тогтворгүй байлгах хэт их ярих зэрэг үйл хөдлөлөөр хий хямарч өвчин үүсдэг. Мөн эвшээх найтаах, унгах, өтгөн шингэнээ удаан хугацаанд хүчээр хааж, барьж болохгүй.
- Энэ улиралд тосны бариа хамгийн сайн байдаг. Жишээ нь шар тос, сүүлний тос, гүнжидийн үрийн тос зэрэг үрийн тосоор биеэ тослож иллэг хийх, цэвэр агаарт гарч өглөөний наранд биеэ ээх, бие, хэл, сэтгэл санаагаа тогтуун тайван байлгаж шөнийн нойрыг таслалгүй цагтаа унтаж, хоол унд, явдал мөрөө зөв тохируулж дадуулж чадвал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл байж чадна.